
Шил арчигч , алчуур хоёроо ширээн дээр тавин тайвуухан тэртээх алсыг ширтэхэд юу ч үгүй тунгалаг шил нартай өдрийг улам өнгөтэй болгох мэт санагдахад бүтэн хоёр цагийн турш ганцаар арчсандаа ч ядарсан шинжгүй инээмсэглэлээ. Нэг бүрчлэн хичээж арчсан тул ганц ч толбо үгүй...
Ажил маань уртаашаа дөрөв , өргөөшөө гурван метр зургаан цонхтой. Энэ шилэн ханан дунд амьдралынхаа долоо дах улирлыг угтаж байгаа ч нүд эрмэх төдий хугацаа өнгөрсөн мэт л санагдах. Хуучны хэв маягтай хоёр давхар байшингууд , онгоцны буудлын талбай , цаана нь цэнхэртэх далай , үргэлж ирж буцах онгоцнууд гээд амьдралд минь зайлшгүй байр сууриа хэдийн эзэлсэн өдөр тутмын өнгө тунгалаг цонхны цаанаас илүү гэгээтэй , илүү сайхан харагдах мэт.
Жижиг үедээ жижиг мэт санагдах ч , хүн ихтэй үед нэг захаас нь гүйгээд нөгөө захад нь хүрэхэд хол мэт санагдах энэ газарт би өөрийгөө олж , нээж , хүн гэдэг хэн болох , сайхан царайны цаана адгийн муу хүсэл нуугдаж байхад дорой гутмаар зүйлийн ард ч гэрэлтэй сайхан нуугдаж байдгийг мэдэрсэн. Зургаагаас арван ажилтантай байдаг энэ газарт хамгийн удсанаараа би хоёрт орно. Олон төрлийн хүмүүстэй харьцана . Үйлчүүлэгч бол хаан байж чаддаг энэ улсад тэр хэрээр үйлчилгээний соёлд нь суралцах гэж бачимдаж , өөрөөс доор нэгэнд хүрч болшгүй ихэмсэг аяглаж чаддаг Хан үндэстэний соёлоос жаахан ч атугай мэдэх гэхдээ хичээлээ умартах шахам судлаж , хэлээ ээдрүүлэн бусдаас сураглаж байсан нь олон.
Хэл гэдэгт харилцааны түлхүүр гэдгийг , тэр түлхүүр үгүйн зовлон , түлхүүргүй хүнийг хэн ч өөрийн дураар ашиглаж болно гэдгийг би яс махандаа тултал мэдэрсэн. Анхан шатны хэлний мэдлэгтэй ирж байсан тэр үеэ бодоход өнөөдөр баргийн хүнтэй хэл нэвтрэлцэж , хэлэх гэснээ хэлж чаддаг , ойлголцож чаддаг болсон гэдэг том амжилт. Гэвч энэ үед хүрэхийн тулд сэтгэлийн асар их тэвчээр , хэн нэгэнтэй биш өөртэйгөө ярилцаж сурах , эргээд хэн нэгнийг уучилж , энэрч чаддаг болсон нь миний хувьд гол зүйл.
Сэтгэл гэдэг өөрөө амьдралыг харах цонх гэлтэй. Эзэн хүн өөрөө угааж арчих тусам өнгөлөг гэгээлэг байж амьдрал ч тэр чигээрээ гэгээтэй болох. Харин хар бараан толбууд нэмэгдэх тусам амьдрал улам л бүрсгэр харагдаж дотор давчдан бачуурах. Тэр толбонуудыг бага багаар арчсаар нэг л мэдэхэд сэтгэл минь тунгалаг шил мэт гялалзаж байхад эргэн тойрноо тэнүүн тайван нүдээр ширтэж зогсоно гэдэг жаргал. Ажил төрлөөс болж хоорондоо ам муруйх үе бидэнд олон. Тэр бүгдэд бачимдаж хэн нэгнийг үзэн ядсанаар сэтгэлийн бараан толбууд улам нэмэгдэх шиг.
Эзэн авгай маань хэр баргийн Солонгос хүүхнүүдэд байхааргүй эршүүд зантай эмэгтэй. Магадгүй ааш нь олдохгүй олон авгай нарыг барьж ажлаа хийлгэхийн тулд энэ хугацаа түүнийг ч бас нилээдгүй өөрчилсөн биз. Тэр бусдаас илүү биднийг ойлгож (нилээн хэдэн монгол оюутан энд ажиллаж байсан) , жаахан ч гэсэн тус болох гэж хичээнэ. Өвдөх үед эмнэлэг дагуулан явж , уйлах үед аргадан , дэлгүүр дагуулаад явахдаа заавал ямар нэг зүйл авч өгч , идмээр санагдсан зүйлийг авч өгөх гэж зүтгэх үед яагаад ч юм түүнийг хайрлах сэтгэл улам нэмэгдэх.
Чи өмнө нь онгоц ирэх , буцахыг харчихаад нээх сүрхий санаа алддаг байж билээ гэж хэлэхэд нь түүний нүдэнд өхөөрдсөн өнгө үргэлж л тодрох. Хичнээн өрийн эзэмшил ч гэлээ өглөө эртээс оройн бүрий хүртэл өдөр бүр ажиллах түүнийг харахад өрөвдмөөр л санагдана. Хоёрхон өдөр амарчих гэж гуйгаад үл дийлна. Бид нар хоёр өдөр таньгүйгээр дажгүй ажиллачихна гэж хэлэхэд хариу үл хэлэхэд түүнийг орлоод ажлыг нь хийчих хүн байхгүйд өмнөөс нь бачимдах. Яагаад гэвэл Солонгосчууд хэзээ ч хэн нэгний өмнөөс өөрийн дураар ажлыг нь авч хийж тусалж мэддэггүй , эсвэл бүр хүсдэггүй хүмүүс. Дээрээс нь хариуцлагаас үргэлж л айх. Эзэн авгай өдөр болгон супермаркетаас хоолны материал цуглуулахаар явах өдрийн гуравхан цагийн хооронд оройн хоолны захиалгууд орж ирнэ. Утас аваад хоолны нэр , хүний тоо , цагийг асуугаад утасны дугаар бичиж авна гэдэг торох зүйлгүй мэт санагдах ч хааяа хүний тоог андуурч бичих тохиолдол гарна. Гэвч тэд үүнээс айхдаа хэл мэдэхгүй надад утсаа бариулаад ав гээд зогсож байсан үе олон. Яагаад гэвэл бүгд хариуцлагаас айдаг. Нэгэнт захиалгыг өөрөө аваагүй тул хэрвээ буруу авсан тохиолдолд нөгөө хүнээ муу хэлэн , нүдэнд харагдахгүй үед амаа чилтэл шивнэлдэж , нүдэнд ил харагдах бол сэмхэн нудралцах. Гэвч тэд хэзээ ч нүүрэн дээр ил тод хэлж чадахгүй.
Тиймээс би бусад авгай нартай хэзээ ч үнэн сэтгэлээсээ хандаж байсангүй. Байсангүй биш тийм үе байсан. Хэзээ ч юм сэтгэл рүү минь цацсан хүйтэн уснаас болоод би дахин тийм хүйтэн занд даарахаа байчихсан. Бас л тэдэн шиг өөрийн ашиг тусын тулд тэдэн рүү худлаа инээн , найрсаг үгийг хайр найргүй шидлэж , өө сэв гаргахгүй байхыг хичээж сурсан. Эхэндээ үүндээ өөрөө ч шаналан би хүнээ байж байна гэж боддог байсан ч энэ бол амьдралын хатуу хуулиудын нэг гэдгийг ухаарсанаас хойш харин түүнийг цэвэрхэн хийж сурахыг хичээх болсон. Гэвч тэдэнд муу санах , гомдох сэтгэл үгүй. Яагаад гэвэл тэд ч гэсэн энэ хурдацтай хөгжингүй нийгэмд хаягдчихгүйн тулд өөрсдийн чадахаар л хоолоо олж яваа хүмүүс. Арван жил боловсролоос илүү гарч чадаагүй тэд бусдыг ч өөрсдийн хэмжээнд үзэж харьдагт нь олонтаа бухимдаж , хэн гэдгээ үзүүлэх гэж хичээсэн шазруун зан минь намайг өдий зэрэгтэй явуулж байгаа биз. Үүний хэрээр ч би тэдэнд талархаж , бас ч гэж ижий шиг минь настай хүмүүс тулд бага ч гэсэн хүндэтгэх сэтгэл төрөх.
Амьдрал өөрөө олон өнгөтэй , түмэн янзын аястай гэдгийг богинохон хугацаанд ч гэсэн мэдэрсэн амьдралын цонх минь үргэлж энэ хэвээрээ тунгалаг , гэгээтэй байгаасай. Харин тэр цонхоор хээрийн сэвэлзсэн салхи үргэлжид салхилж , хэзээ ч ганцаардлын хар манан бүрхэлгүй , үргэлжид нартай дулаахан байгаасай...
ЛуЗа
2009.10.26



Сэтгэгдэлүүд:
гэхдээ л үнэн утга хаана байна? гэж өөрсдөөсөө асуумаар үе зөндөө л байдгийн.
сохроод доголоод явахаас өөрөөр яалтай..
Эмбий тэр ч үнэн шүү
Амор сохроод доголоод явсаар байтал үнэний хаана ч яваагаа мэдэхээ байчихым
Буржаак магадгүй тэгэх л байсан байх. Баярлалаа
Amidraliin tsonx chini urgelj tungalag bx boltugai!
Сэтгэгдэл үлдээх: